НУТГИЙН БОР ТОЛГОД


Олон хоног саамшиж хүлээсэн

Охидын хөх шиг бор толгод эх нутаг минь

Олзны хүн шиг харьд намайг одоход

Овооны чинь чулуу нэгээр дутуу

Зуун зууны салхи элс, хилэнгээр шуурч

Зулайд чинь хичнээн ч үрчлээ татсан юм, уулс минь

Зусар золбин хүний үр хэд ч таарч

Цус нулимсаар угаасан юм бурхан минь

Элдүүр хангах нэхий шиг үнгэж ноолж

Эр болж дээлээ урсан газар шороо минь

Эмнэгийн туурайгаар зоог тань талхалж байхдаа

Ид бахын цуурай дундаас өөрийгээ олсон шиг билээ

Дэл хадны цуурай чичиртэл

Дэврүү холын бодолдоо санаа алдахуй

Тэнгэр дээр дайвж дэргэд уулс налдаг

Дэндүү их хайрандаа нутгаа ухаарсан шиг билээ

Хоног хоногийн сундлаанд ужиг хууч сэдэрч

Холын хол нутгаа санана гэж бэрх

Хойтон зуны болзоонд аргацаж тогтох сэтгэл

Хонин бор толгоддоо аргамжаатай байгаа

Арилжаа хээр морио дүйлгэж давхисан эцгийг минь

Арын хөндийн цуурай дэмнэн дуулж байгаа

Ай Нан-аа аялж араг аргаар амьдрал үүрсэн эхийг минь

Арын цэнхэр хангай аньсга буулган сонсож байгаа

Охидын сэтгэл шиг халуун хүйтэн хямарсан

Орог бор толгодод нар ургаж шингэж байгаа

Олон хэлээр шувууд хууч хөөрч, оньсого таалцаж

Од явгалан бууж, морьд тургилж, үлгэр ирж буцаж байгаа

Азарган бороо хөгжим найрч, цэцэг тормолзож

Ар хөвчийн унага босоогоороо төрж

Амрагийн шивнээ, ботгоны буйлаанд уясч

Агины үнэрт согтсон нутгийн бор толгод минь 

 

1993.10.24


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(6 өдрийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(8 өдрийн өмнө)
1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ     2. ТАЛХ   3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ 1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ 2. ТАЛХ 3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ
Гал атгаж цэрэг төрдөггүй Ган ширээж цэрэг болдоггүй Эх оронтой бүхэн Элгэн хайраараа цэрэг болдгийм
(13 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД

Хуанли