НАМРЫН ЦЭНХЭР ЗЭРЭГЛЭЭ

НАМРЫН ЦЭНХЭР ЗЭРЭГЛЭЭ

Намайг тосох учралын азын тотго түших гэж

Намрын цагаан манан шиг тэртээ холоос дөтөлнөм

Насны жаргал үдлэх үүрдийн учрал тосон

Намрын цэнхэр зэрэглээ шиг сэтгэл хөврөн хөвсөрнөм

Айзам бүрд нь намар хоргодсон салхины үзүүрээс

Алдрайхан харц хайраар тоглож над уруу навчис шидлэнэ

Хацар онох навч бүрийг сэтгэлдээ тоолон

Хайртай, хайргүй, хайртай, хайргүй гэж зүрх эмзэглэнэ

Чи, цэнхэр жигүүрт цэн тогоруу

Нисчихвий гэх айдас сэтгэл сэмлэн хэрнэ

Хайргүй гэж ширэв татан хацар оноогүй гунигт навч

Хатуу хорвоогийн шороон дээр харангатаж унана

Чи, цэцэгнээс амилсан цэнхэр дэглий

Цээжинд үндэслэсэн Хатан Сэмбэрүү

Хайртай гэж над уруу шидлэх чиний тунамал харц

Хамаг биеэр шүүгдэж цус давалгаална

Амьдрал сайхан, сайхан гэж чих шуугина

Аз эз алив бүхэнтэй, асгарах нулимс, баярлах инээдтэй

Амьдрал, тансагт чинь шунаагүй талын хүрэн бүргэд ээ би

Амьдралын ханасан уусмал гэж хаа байна

Амтлах гэж, ууж согтох гэж би төрсөөн

Эцгийн босго алхан борви тэнийж

 Эх газрынхаа шороог идэж туучиж явахдаа

Хүслийн дөрөөг ханхийлгэж жийсэн

Хүрэн бүргэд би амьдралд агсам тавьж ирсээн...

Аяа намар асгарах навчсаа над дээр гөвнө

Алдрайхан харц хайраар тоглож над уруу навчис шидэлнэ

Хайртай хайргүй, хайртай хайргүй...

Ахиулж чи анхны цасан ширхэг шүүрч шидэлнэ

Намайг оноогүй хайр ёолон гиншин дунгуйрч

Нартын шар хавтгайд арай гэж тогтохуй

Цуурах нь дуулдах сэтгэлээс цуглуулах хэлтэрхий ч үлдэлгүй

Зусарч хувь заяа орхин орхин зугтана

Ингэн туйлаас хаялан наадах эхний цас

Энхэрхэн сэтгэл шиг бишүүрхэн алганд хөвсийн хайлна

Айзам бүрд нь намар хоргодсон салхины үзүүрээс

 Алдрайхан харц хайраар тоглож над уруу цасан ширхэг шидэлнэ

Чи, цаст хорвоод үдэлсэн цагаан хун

Зүрхэн дээр минь бууж дөрвөн бэрх наадна

Дэвсээд өгсөн сэтгэлийг хайргүй үнгэн эрхэлж

Дээр нь шоо орхиж төөрөг буулгана

 Намайг жаргаасан чиний даажигнал, аяа хувь заяа минь

Найргаар хурайлж онгодоор тахих шүтээн минь

Намайг хайж дэлхийг нэгжсэн нарны хэлтэрхий минь

Намартаа буцалгүй дэргэд хоцорсон жаргалын цэн хун минь

Амьдрал дундуур бахардан хөтөлцөж гүйнгээ

Аз жаргалыг эрж олж дээс шиг томноо хоёулаа...

Дуурьсаж цэцэглэх амьдрал гал дундуур бүжиглэж

Дуулж цэнгэх жаргал огторгуйн энгээр бадамлаж

Зэрэглээнд дүүхэлзэх уулс шиг сэтгэл уулгалан цамнаж

Цэцгэн хээтэй торго шиг бидэн хоёр намилзуур

Дэвэрч хайлан бүжихэд дэлхийн эн давчуу

Дэлгэрхэн дөрвөн улирал дэндүү чиг богинохон...

Асгарах цасаа намар над дээр хаялна

Алдрайхан харц хайраар тоглож над уруу цасан ширхэг шидэлнэ

Чи, цаснаас өдөлсөн цагцгайхан

Цаснаас нүдэлсэн цэнхэр яргуй

Өөрийг огоорч намайг л олж ирсэн хойно

Өмнө чинь би дагжин чичирч амьгүй байна

Амьдралын ханасан уусмал гэж хаа байна

Амтлах гэж, ууж согтох гэж би төрсөөн.

 

1986.11.23 Берлин-Шарнхорст


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ

Хуанли