ЦООМОЙ

Хонхны дуунд уяатай

Сурагч амьдрал

Хойноосоо хөөцөлдөн

Жингэнэх дуу нь

Жингийн тэмээд шиг цувран

Зэллэх шувууд шиг гунганан алслана

Жингэнэх дуутай нь хамт

Бид өслөө

Жижигхэн цагаан өндгөн сар шиг

Цэвэрхэн торомгор Цоомой бүсгүйх

Сургуулийн дэргэд ганц гэрээр

Шургааган хашаа дэрлэн буулаа

Талхны зуух галаар тургилж

Тансагхан үнэр аагаар цоргиж

Сурагчийн гэрээс эргэлт ирсийм шиг

Сургуулийн хашаанд хөөр нэмлээ

Сургууль маань даруухан

Шургааган хашаа, дүнзэн байртай

Сумандаа л товхийнэ

Сурагчийн дотуур байр

Талхны газар...

Тэрүүхэндээ томбойно

Жингэнэх эвлэгхэн дуу нь

Зүүд шиг ирж, зэрэглээ шиг замхран

Зүрхэнд дотноссон хонхны дуутай хамт

Бид торнилоо

Жижигхэн цагаан өндгөн сар шиг

Цэвэрхэн торомгор Цоомой бүсгүй

Дуу хуураар бялхана

Ятга үе үехэн уянгалж

Яг л зуны униар шиг

Цахирын дөрвөн хөндий дүүрээд

Цахилан хөхөмтөж урсана

Цоомой намуухан дуулна

Зүггүйтэн байж

Зүрхээрээ дуулна уу гэлтэй

Салхин сэвшээ сэмээрхэн босгож

Цахирын дөрвөн хөндийгээр

Сэвсхэн гүйлгэж дуулна

Дуусчихвий гэж эмзэглэн

Дутуухан амьсгалж суутал

Сургуулийн хашаа сумын төвөөр

Суунаг татах утаа шиг замхран

Усны бэдрээ шиг намуухан цовхчих

Утасны сэлгээ зүрх товшин замхарна

Цоомой бүсгүйн далавч цагаан өргөө

Сургуулийн хашаа бараадан

Суудал дээрээ өндөлзөн

Зунжин намаржин өвөлжин хаваржин

Зураг мэт нүд хужирлан дүнхийнэ

Хааяа нэгхэн эр хүний дуу гарч

Хараал ерөөл ус шиг урсаж

Цоомой бүсгүй битүүхэн мэгшиж

Цахирын дөрвөн хөндий айдаст умбана

Аймаг алслан хэсч

Хар ус гударсан

Архичин эр

Улиралдаа шахам эргэж ирнэ

Шөнийн од цойлуулан

Жавар нүүлгэн урсгаж

Шуудангийн задгай тэргэнд

Шал согтуу дайгдаж ирнэ

Цоомой бүсгүй ятга хоёул

Зэрэг зэрэг дуугаа хумина

Жаргалтай газар дуутай гэж

Жаахан хүүхдүүд ухаарч авна

Амьдрал нь ад шиг болсон

Аз жаргал нь дуу л болсон

Цоомой бүсгүй нэг л өдөр

Цахирын дөрвөн их хөндийг

Цалгилуулан дуулж эхэлнэ

Цармын уулс хотолзтол

Цэнхэр зэрэглээг цийлэлзүүлэн дуулна

Цас ханзарч дэлхий хөлөртөл

Цагийн амьсгааг түхэлзүүлэн дуулна

Энэ дэлхийн дуу хуур уруу

Эв өнгөний эрчээр цутгаж

Бүсгүйн хоолой ятгын эгшиг

Байгаль сэргэж ус мэлмэртэл уянгална

Хөөрхөн төрсөн Цоомой бүсгүй

Хүүхэд юм шиг

Жижигхэн цагаан сувд юм шиг

Бодогдоно

Хааяахан холоос ирдэг

Халимагтай хархүү нүдэнд дулаахан

Цоомой тас тас инээнэ

Орчлон дээр хоёулхнаа юм шиг

Чанга чанга хөхөрнө

Даанч сайхан ийм

Инээд гэж бас байдаг аа

Давалгаа шиг

Ар араасаа хөөцөлдсөн

Даргилах цай шиг

Дотроосоо ундарсан

Даанч сайхан ийм

Инээд гэж байдаг аа

Цоомой бүсгүйн инээд

Цахирын дөрвөн хөндийн

Хад чулуу цуурайтуулан

Цан хяруу тэнгэрээс буутал

Ханхийнэ

Цалгилан сугсрах

Өвсөн түрүү дамжин

Цагаан салхи болж

Сэвэлзэн эргэж ирнэ

Цоомой бүсгүйн инээд

Аадар шиг зүггүй асгарна

Мөндөр шиг шаагиж

Хан тэнгэр цуурайтуулан

Хатавч нэвт ханхийнэ

Цахирын дөрвөн хөндий дүүрээд

Цалгилж асгарам

Даанч сайхан ийм

Инээд гэж байдаг аа

Цоомой бүсгүйн далавч цагаан өргөө

Сургуулийн хашаа бараадан

Суудал дээрээ өндөлзөн

Зунжин намаржин өвөлжин хаваржин

Зураг шиг нүд булаан дүнхийнэ

Хааяа эр хүний дуу

Хатавч шуусан гэрээс содон

Хараал ерөөл зүхэл мартагнан

Хаа нэг дөмөг дуугарах нь сонин

Хоногийн тоо яриа нэхэж

Ховорхон инээд богинохон шагнаж

Амьдрал хатавчаар, хаалга тооноор

Аяархан сэмхэн ирж л байх шиг...

Ятга Цоомой хоёр чимээгүй л байв

Ямартаа ч мэгшээ уйлаан алга

Өдрийн гэгээ өөрт нь зохих мэт

Өнгө засна

Гунигаа нимгэлэх мэлмийнээс

Гутрал дайжиж цогшин байна

Сурагч бүрийн харц

Сувдран асгарна

Цутгамал болж чулуужсан сэтгэл

Цуурч салмаран урагдана

Зөөлөрч дэвтэн хайлна

Зүйргүй ийм энэрэл гэж байдаг аа

Сурагч бүрийн харц

Сувдран асгарна

Цайлган ширвэх өрөвч харц

"Цаадах чинь хүн биш" гэнэ

Хангайн зэрэглээ согтуу найгаж

Хөх ногооны униар суунаглана

Урь залгилж яргуй үндэстээ хахна

Усны амт амтагдаж үнэр үнэртэнэ

Цахирын дөрвөн хөндий дүүрээд

Цалгилж асгартал инээд халгинаа

Цармын уулс хотолзтол

Цэнхэр зэрэглээг цийлэлзүүлэн

Дуу асгарнаа

1986.3.21 Берлин-Карлсхорст


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли