МИЛ БОГДЫН ГЭГЭЭРЛИЙН СУРГААЛИАС


МИЛ БОГДЫН ГЭГЭЭРЛИЙН СУРГААЛИАС

 (Д.Болдбаатар Богд Миларайвын тууж зохионгуй ба боловсон тонилохуйн гүр дууллууд, 2015)

Сэтгэл

Угтаа хүмүүний сэтгэлийн мөн чанар нисваанисгүй, хуран үүдэлгүй, би үгүй, атгаг үгүй (ялгаварлал үгүй), төрөхгүй, үүсэхгүй боловч хүн бээр олон үүсмэл шалтгаанаар сэтгэлээ түйдэн төөрөгдүүлснийг мунхагийн харанхуй гэдэг /х 326/.

Аливаа тотгорлогч бүхэн сэтгэлийн рид буюу

Амилсан тэрхүү үзэгдэл үнэндээ хий хоосон

Аймшиггүй дияанч хоосны энэ ёсыг эс ухвал

Албин чөтгөрийн үзэгдэх бэлгэст баримтлан төөрөлдмүй

Эндүү төөрөлдлийн үндэс чухам сэтгэлээс үүдэлтэй

Энэхүү ёсыг ухаад сэтгэлээ сайтар шинжвээс

Энгүй гэгээн гэрэл ирэх одохгүй үзэгдмүй

Сэжиг атгагт гадаад орны (юмсын) илрэн гарах нь

Сэтгэл эндүүрэн завхсаны шалтгаан мөн болой

Үнэндээ гадна илрэх биетийг сайтар ажваас

Үзэгдэл, хоосны ялгал үгүйг таньж чадмуй

Бясалгал хэмээх нэг төрлийн атгаг (ялгаварлал, баримтлал) болой

Бясалгахгүй хэмээн орхивоос бас л том атгаг

Бясалгагч, үл бясалгагч хоёр энэ утгаар ангид бус аа

Хоёр хэмээн үзэх нь эндүүрлийн үндэс

Хамаг хотол үзлээс ангижирсан хязгаарт хүрвээс

Хорвоогийн хамаг юм сэтгэлээс үүдэлтэйг ухна

Үзвээс сэтгэлийн мөн чанар огторгуй мэт хоосон

Үнэн номын мөн чанарын гүн ёсон энэ болой /х 336/

Тэгш сэтгэлийн хоосон чанарыг үзэж шинжлэхүйд

Тэнсэлгүй түүний гэгээн гэрэлтэй учрах бахдалтай

Сэтгэлд хуралдсан их хүчний хэмжээг багцаалшгүй

Сэвгүй ариун номын чанар урвах нь амгалан

Өөрийн сэтгэлд аяндаа илрэх түмэн орныг (ахуй ойлголт)

Өнгө хэлбэрт гадаад орон (ертөнцийн юмс) лугаа яахин зүйрлэхэв /х 357/

Тэгш сэтгэлийн хоосон чанарыг үзэж шинжлэхүйд

Тэнсэлгүй түүний гэгээн гэрэлтэй учрах бахтай

Яруу утгат эгшиг дуун сэтгэлд халгиад

Ямагт дундралгүй ундарч байх юутай амгалан

Хэлний эрхээр уран үгс чуулан хэлхэлдэхийг

Хэдэн хүн чуулан найралдаад ч яаж гүйцхэв

Сэтгэлд хуралдсан их хүчний хэмжээг багцаалшгүй

Сэвгүй ариун номын чанар урвах нь амгалан

Өөрийн сэтгэлд аяндаа илрэх түмэн орныг

Өнгө хэлбэрт гадаад орон лугаа яахин зүйрлэхэв /х 357/

Сэтгэлийн чанарыг баримтлах нь орчлонгийн шалтгаан

Сэвгүй гэгээн гэрэлт биеийг таньж түүнд эс автаад

Аяндаа өөрөөсөө бүтсэн /сэтгэлийг хэлжээ/ тэр л ёсыг ухаж чадваас

Аяа тэр хэмээвээс нэгэн үзүүртийн хязгаар буюу /х 370/

Баримтлалгүй агаад гэгээн гэрэлт сэтгэлийн хувьд

Барьцгүй хоосон туурвилаас хагацсан нь жаргалан болой

Тунамал огторгуй мэт гэгээн гэрэлт нь /сэтгэл/

Тусгүй сэцэрхэл номлолоос хагацсан нь бэлгэс буюу /х 371/

Өндөр дээд Бурханы хутгийг эрсэн зоргоор олохгүй тул

Өөрийн сэтгэлийн бэлгэ чанарыг шинжиж үзэгтүн /х 372/

Бясалгал

Бурханы тайлбар болон оюун сэтгэлгээгээр би хэмээх зүйлийг эрээд олж эс чадвал хүний хийгээд би-үгүй ёсыг онож чадсан хэрэг мөн.

Тэр мэт би - үгүй үзлээр самадийн ёсонг бясалгаж атгагийн үндсийг таслаад сэтгэлээ атгаггүй номхотгон хоног, сар, жил гэж баримтлах явдал аяндаа үгүй болох нь амирлан ахуй төрсөн хэрэг болно. Амирлан ахуйн ахуй ойлголт буюу Бурханы бие зэрэг элдэв зүйл үзэгдэх нь бясалгалын бэлэг тэмдэг төдийхэн хэрэг /х 109/.

Судар номын утга нь ертөнцийн 8 ном /олз ашигт эрэмших, гарз хохиролд бухимдах, нэр цолд дурлах, нэр цол үгүйд гутрах, магтаал сайшаалд дурлах, муушаал зэмлэлд буурах,  зугаа цэнгэлд дурлах, зугаа цэнгэл үгүйд уйдах/, хүмүүний би хэмээн баримтлахыг номхотгож, орчлон нирваан хоёрыг тэгш болгоход /хоёуланг нь хоосон гэж ухаарах/ оршдог учраас л миний хувьд номын би хэмээн баримтлахыг номхотгоод аглаг уулнаа бясалган сууж буй хэрэг. Онож утгыг оноод номонд баримтлахыг тэвчигтүн /х 215/.

Миний сэтгэлийг хангах нь та нар орчлон, нирваан хоёрын хамаг үйлийг төгсгөж байгаа хэрэг.

Харин ертөнц лугаа найралдан байж миний сэтгэлийг хангах үйлийг гүйцэлдүүлэх нь ямар ч ашиг тусгүй /х 230/.

Орчлон хийгээд нирвааныг хоосон гэж оновол

Онцгой дээдийн бясалгал тэр мөн

Үндсэн лам (багш), шавийн сэтгэл найралдваас

Үлэмж сайн барилдлага огоот (бүрмөсөн) арилсан нь тэр болой

Үнэхээр ялгуусан шид бүтээлийн бэлгэ тэмдгийг (ахуй ойлголт) үзвээс

Үзэгдэхүүн тэмдэгтэйгээ арилсан нь тэр болой /х 259/.

(шуламд номлосон хэсгээс:)

Аливаад баримтлан автах атгаг бодолд хүлээстэй

Алаг зүрхний гүн дэх сэтгэлийн хөндүүрийг онолоо чи

Хамаг номын хоосон чанартайг санаад

Харагдах үзэгдэх юм бүхнээс эс чийрхэх боллоо

Өөрийн сэтгэлийн чанар гэгээн гэрэлт болохыг санаад

Өнөд живж догшрохоос үл жийрхэх боллоо

Үзүүр нь нумрах эрээн солонгыг үзээд

Үзэгдэхүүн, хоосон хослон барихуйг санаад

Өнө мөнх, тасархай хоёроос эс жийрхэх боллоо

Алиман сарны дүрс усанд тусахыг хараад

Аливаа үл баримтлах нь өөрийн гэгээн болохыг санаад

Автах, баримтлах хоёроос үл жийрхэх боллоо

Буцаж өөрийн гэгээн гэрэлт сэтгэлийг шинжвээс

Бумбан дотор тавьсан зул мэтийг бодоод

Бусармаг мунхагийн харанхуйгаас үл жийрхэх боллоо

Өнөөдөр шулам чиний үгийг сонсоод

Өөрийн сэтгэлийн гэгээн гэрэлт гэнэт тодроод

Өөдгүй шуламын тотгорлохоос үл жийрхэх боллоо /х 336/.

Амаар уламжлагдах нууц аргыг бясалгахуй дор

Ад чөтгөрийн үйлэнд шамдваас өөрт шулам шүглээд

Адаг сүүлдээ уналд ороод ертөнцийн номтой холилдмой /х 359/

Үнэн сайн туст эрдэм сэтгэлд бүтэхүйн цагт

Үзмэр төлөг хийгээд рид бэлгээс холхон яв

Чанд нууц мөрийн бэлгэс тэр хирээр түрдээд (барагдаад)

Чадан ядан хураасан тус эрдэм ч хомс болмой

Олдохуйяа бэрх номыг сонсож суралцахуй дор

Омогт би хийгээд үгсийн төдийг бүү баримтлаарай

Олиггүй тийм сэтгэл төрвөл 5 хор дэгжээд

Оюун санаа самууран буяны үндсийг шамшаамой

Орчлонгийн хамаг үйлээс хөндий байгтун

Үйл олон болвоос гүн бясалгал алгасармой

Үнэндээ тэгэх аваас Богдсын номын хувь дутмой /х 359/

Бурханы аргыг олж авахад хүлцэнгүйг манлай хэмээн номлосон. Аливаа муу шалтгааныг туст нөхөр гэж үзэх нь хүлцэнгүйг бясалгаж буй хэрэг /х 159/.

  • Би үнэндээ гэр бүлийг минь энэ их зовлонд унагасан  (баян байсан айл гуйлгачин болж, ээж нь нас барж, ганц охин дүү нь гуйлгачин болсон) авга эгч, ах та хоёрын буянаар дээдийн ном лугаа учрах боломжтой болсон. Та хоёрын надад хайрласан тэрхүү ач буяныг хариулах үүднээс алс хэтдээ та хоёул Бурханы хутгийг олохын ерөөл талбия /х 159/. Өөрийн өшөөтөн дайснаа ч хүртэл өөрийн ганц хөвүүн мэт хайрлана /х 227/.
  • Өөрт нь хортой тараг өгсөн эмэгтэйд: “Чиний өргөлийг эс авах бөгөөс бодь сэтгэлийн суртахуун лугаа харшилдаж үндсэн уналд орох болно. Үнэндээ энэ хорт идээ миний биед хор хүргэж чадахгүй. Тийм болохоор идэх хийгээд эс идэхийн ялгал үгүй /х 218/.
  • Үнэндээ сэтгэлд таатай сайн ахуй орны зэрэгцээ муу шалтгаан, тэр байтугай өвдөх үхэх хүртэл егүзэрүүдийн хувьд номын мөр болох учиртайг мэдсүгэй /х 227/.
  • Миний сэтгэлийн ахуй орон номын чанар лугаа уусан нэгдэж чадсан /х 228/.

Орчлонгийн аливаа үйл нь хураасан бүхэн барагдаж, засваас эвдрэх, хуран цугларваас хагацаж салах, төрвөөс үхэх ёсыг ухаараад улмаар өөрийн хар толгойд зовлон хураах тийм үйлийг огоот тэвчин төрөлгүй утгыг онох нь хамаг арга номуудын дээд нь мөн /х 228/.

Хичнээн ном сонслоо ч Бурханы номыг ойлгож ухаарсан төдийхэн мэдлэгийн түйтгэрээр муу заяанд унаж мэдэх туд бясалгал бүтээлд шамд (хий дэмий мэдлэг хураалгүй шууд бясалга гэсэн санаа байна) /х 230/.

Аньст увдисыг оноогүйн улмаас эрдэм ухаан төрөөгүй тул аньст увдисыг өгөн соёрхохыг гуйсан шавьд айлдруун: /х 369/

1)      Нандин сэтгэлийн дунд илрэх тоогүй үзэгдэл

Нарны туяанд бужигнах барамнасаас олон буй

Тодрон илрэх тэрхүү үзэгдлийг ухаж чадваас

Тодорхой утгыг мэдэгч егүзэри хэмээгдьюү

2)      Хамаг ном нугуудын ахуй ёсны мөн чанар нь

Харгах /харгалзах/ шалтгаан – үрийн ёсноос ангид оршимуй

Ахуй ёсны энэ л утгыг шамдан эрэх аваас

Ариун гэгээн сайн оюут егүзэри хэмээгдьюү

3)      Сэтгэл хэмээгч нь мөн чанарт бүхий тул

Сэрийлдэх 100 жад ч түүнийг ухрааж эс чадъюу

Гагц түүнийг атгаг явдалд эс автуулваас

Гавъяа бүтээсэн егүзэри хэмээн ашид алдаръюу

4)      Далайн давалгаа мэт оволзох алжааст нисваанисыг

Даамай төмөр чөдрөөр ч тогтоож эс чадъюу

Угтаа тэр нь вишай бус /үзэгдэх мэдрэгдэх орон бус/сэтгэлээс үүдэлтэйг ухвал

Утга чанарт нэвтэрсэн егүзэри хэмээгдэх болъюу /х 370/

Мил Богд Дамбадаржаа шидтэнгээс “Чамд зовлон амирлуулагч Богдсын ном бий. Түүнийг бясалгавал хамаг Бурхадын тааллыг нэг болгон ухаж чаддаг гэж сонслоо. Түүнийг номлож соёрх” хэмээн хэдэнтээ гуйсны эцэст тэрээр “Урьд нь миний эгшиглэн дуулахыг (номлохыг) сонссон хүн үгүй. Хожим ч тийм хүн гарахгүй буй за” гээд /х 287/:

Зовлон амирлуулагч Богдсын домогт номыг айлдсу!

Ад ягчис хуран чуулахуй цагт

Эргээд түүнийг нууц явдлын орон хэмээн сэтгэ

Энэ биед  өвчин тахал халдахын цагт

Эрдэнэ мэт номын агаарт /бясалгалд/ урвуул

Атгаг сэжиг өчүүхэн төдий төрсөн цагт

Алжааст нисваанис төрлөө гээд дарж ав

Аглагийг шүтэн ганцаар суух цагт

Ариун биеийг ил гарган илт дурьдан талби

Тоогүй олны дотор суухуй цагтаа

Тодорсон аливаа үзэгдлийг шулуунаар үз

Агшны төдий нозоорлыг “Пад” хэмээн сэрээ

Алгасрал хэрвээ ирвээс үндсээр нь түүнийг тасал

Зөрүүд нисваанисын үүлс олонтаа дэгдвээс

Зөнгөөр нь түүнийг бэлгэ чанарын дунд орхи /ухамсарлаад зөнд нь орхи/

Санаа сэтгэл вишайд /үзэгдэх мэдрэгдэх оронд/ автахын цагт

Сацлал үгүй чанар утгыг /хоёргүй чанар болов уу?/ үзэгтүн

Амирлуулан жаргаагч энэ Богдсын ном

Алжааст нүгэлт үйлийг ч буянд урвуулна

Аливаа бодол төрөвч сэтгэлд цөвгүй

Аюулт өвчин тусавч бясалгал болгомуй

Үзсэн орон бүхэн сэтгэлд нэн тааламжтай

Үхэл егүтгэхийн цагт ч номын мөр болгомуй

Эрлэгийн эзэн лүгээ учравч сэтгэлд тааламжтай

Энэхүү зовлонг амирлуулагч Богдсын ном нь

Туст гурван цагийн ялгуусдын таалал бөлгөө

Түгээмэл Очирдарын нууц үг болой

Дөрвөн аймаг дагинасын гол зүрхэн буюу

Дөрвөн аймаг Дандарсын гол зүрхэн увдис билээ

Яруу үндэсний оньсон увдис бөлгөө

Ямагт уран аргын түлхүүр нь болой

Илт зовлонг амирлуулагч Богдсын ном билээ /х 287/.

Үзэгдэх бэлгэст /ахуй ойлголт/ автсан хэвээр бясалгагч нарт

Үр хэрхэн боловсрох вэ?

Үзэгдэхүүн, хоосон 2 ялгалгүй номын бие дор

Үнэндээ орчлон нирваан лугаа нэгэн болохыг ухагтун /х 371/

Чуулсан Бурхад хамаг амьтантай холилдон явдаг

Чухамхүү энэ л ёсыг нэгэн утгат ном хэмээмүй

Ганц чанартай гэчхээд атгаг сэжиг олон бол

Гань мунхагийн туйл хэмээгч үнэндээ тэр болой

Үлэмж 3 бие өөрт төгс зохилдсоныг ухваас

Үргэлжид бясалгах үгүйн хязгаарт хүрсэн нь тэр болой /х 371/

Чин хатуу сэтгэлээр залбирах нь цаг ямагт тахил өргөснөөс өөрцгүй /х 229/.

Нисваанис болон би хэмээн баримтлахад автсан хүнтэй нөхөрлөх нь хамаг амьтанд хор хөнөөл ихтэй тул Бурханы номонд шамдагсдад байж боломгүй хэрэг /х 229/.

Бясалгал гүйцэх тухайд

Үлэмж 3 бие өөрт төгс зохилдсоныг ухваас

Үргэлжид бясалгах үгүйн хязгаарт хүрсэн нь тэр буюу /х 371/.

Эцэс сүүлдээ бясалгал, бясалгах, бясалгагч гурвыг нэгэн болгон нийлүүлж чадсан тул одоо бясалган суух хэрэггүй болов /х 205/.

Өөрийн бэлгэ чанар лугаа учирч чадаад

Арван зүгийн хамаг орон нүдний өмнө тодорч

Аяндаа орчлон хийгээд нирвааны учир тодорлоо

Хамаг сайн үйлс тэр мэт сайтар төгсөөд

Хадан агуйд бясалгаж суух хэрэг үгүй болов /х 222/.

Аху ёсны агаарт үл бясалган суух

Аяа тэр бөгөөс хамгаас ялгуусан Пад (Пад гэж хэлүүт зөв замд оруудаг тухай шавийн асуултын хариу, х 419)

Хоосон чанар

Шавь асуусан нь: “Хэрвээ хамаг амьтанд тус болох бол ертөнцийн үйлийг хийж болохгүй гэж үү?

Мил Богд: “Гагцхүү өөрийн тусыг бодолгүй бусдын тусыг эрхэм болговол болно. Гэхдээ тийн үйлдэнэ гэдэг нэн бэрх. Өөрийн тааллын дагуу бусдын тусыг бүтээх гэвэл өрөөлийн байтугай өөрийн тус ч бүтэлгүйтэж мэднэ. Усанд дөргүй хүн сэлнэ гэвэл эцэстээ амиа алдаж мэдэхтэй адил. Тийм болохоор аху ёсны (бүх юмны) хоосон чанарыг ухан ойлгохоос наана бусдын тусыг бүтээх нь боломжгүй гэдгийг ухсугай. Өөрөө бодь хутгийг олоогүй атал бусдын зам мөрийг удирдах гэвэл хоёр сохор бие биедээ замчлан харанхуй шөнө хадан хавцал руу зүглэхтэй ижил. Огторгуй адил хамаг амьтан түгээмэл оршиж байдаг болохоор бодь хутгийг бясалган бүтээсэн хойно тэднийг гэтэлгэхэд оройтох юу байх билээ. Амьтны тус хэмээгч чухам тэр болой /х 239/.

(Хоосон чанарыг хэрэгжүүлсэн нь:)

“Хамаг ном өөрийн сэтгэлээс үүдэлтэйг таниад, өөрийн сэтгэл ба гэгээн гэрэлт бие 2 ялгалгүй болохыг нэвтэрхий оновол гадаад ад тотгортой тулгарсан ч айх явдалгүй” хэмээсэн Марва багшийнхаа сургаал бий. Гэтэл би өдгөө тотгорлохоор ирсэн 5 чөтгөрийг бодитой хэмээн төсөөлөх нь хичнээн инээдтэй хэрэг вэ хэмээн бодоод аюумшиггүй зориг, чин сүжгийг бариад, гүр дууг эгшиглэн шүлэглээд тугдам (сэтгэл)-ын омгоор босож, сэтгэлээ хоосон чанарын агаарт оршуулж (сэтгэлээ хоосон агуулж) агуй дотор дайран орвол төмөр чөтгөрүүд айн чичрээд байх газраа олж ядан үймэлдсэний эцэст бие биедээ уусан шингээд хуй салхинд хувилан одов /х 282/.

Үнэндээ чөтгөрийг бодит мэт санавал хор хөнөөл ихтэй

Үзэгдэх чөтгөрийн хоосон болохыг сая мэдвэл зөв болъюу /х 332/

Чөлөө эрэгч түүнийг номын чанартайг мэдвээс тонилж чадмой

Хэрвээ чөтгөр үзэгдвээс эцэг эхээ мэт санавал

Хэн боловч тэр Бурханы шашинтан мөн

Үзэгдэх чөтгөр бүгд сэтгэлээс гарсныг мэдвээс

Үүдэн гарах бүхэн цог чимэг болон хувиръюу

Үнэндээ энэ бүгдийг мэдвэл сая гэтлэлийг олмой /х 333/

Энэтхэгийн их шидтэн Дамбадаржаа Мил Богдыг үнэлж: “Түвдийн номчдын дотор чам шиг хүсдэггүй, үйлддэггүй, бясалгадаггүй нь үгүй. Жагарын оронд ч ганц нэгээс хэтрэхгүй” гэжээ /х 286/.

Санаанд минь хоосон чанарын үзэл илрэхэд

Сайтар ажваас мөн чанар нь тосны төдийгүй аж

Гэгээн гэрлийн бясалгал мөрний урсгал мэт

Гэгээрлийн бясалгал завсаргүй, олох зүйл үгүй

Бясалгалын бэлгээс  /ахуй олголт/ агшнаа ангижирснаар

Бат хатуу очир бясалгалыг оллоо би

Үйлдэж болох бүхэн гэгээн гэрлээс өөрцгүй

Үнэндээ шүтэн барилдахуй хоосон болохыг ойлголоо

Явдал бүхний тотгор аяндаа арилаад

Ялгуусан дээд явдлын үйлдэх ёсонг танилаа

Алагчлах атгаглах зан агшнаа замхраад

Аливаа 8 ном бүгд түрдлээ

Өөрийн сэтгэл, номын бие хоёр өөрцгүй болохыг таньснаар

Өөрийн болон бусдын тус аяндаа бүтлээ /х 313/

Сэтгэлийн чанарыг хоосон гэж эс оновоос

Олон шуламын хөнөөлийг яахин дарж чадах вэ /х 323/

Асар дорд сэтгэлийг баривал дээд сууринд сууна (гэгээрлийг хэлжээ)

Аливаа үйлийг огоорвол их тус сая бүтнэ (гэгээрлийг хэлжээ)

Онож хоосон чанарыг ухвал нигүүлсэхүй төрнө

Оюунд нигүүлсэхүй төрвөл өөр бусдын ялгал арилна (би ба бусад гэх үзэл арилна)

Өөр бусад ялгалгүй (өөрөөс чинь ялгаагүй) болвол амьтны тус сая бүтнэ

Амьтны тус бүтвэл надтай учирна

Надтай учирвал Бурхан болж бүтнэ

Жинхэнэ Би, Бурхан, шавь нар гурвыг

Ялгал үгүй нэгэн болгож залбир /х 240/.

Алив аюулаас эмээж нэгэн гэрийг барилаа би

Аль хэмээвээс тэр нь номын чанарын хоосон буюу

Ашид эвдэрч нурахаас ангид билээ гэр минь

Тэсгим хүйтнээс айж эмээгээд нэгэн хувцас оёлоо

Тэр нь зандалын илчит гал буюу

Тэгснээр даарахын зовлон амирлалаа

Үгүйрэн хоосрохвий гээд нэгэн эдийг оллоо би

Үнэлшгүй тэр эд нь хутагтын 7 эрдэнэ буюу

Үүнээс хойш ядуурлыг таягдан хаялаа би

Өлөн гэдэс хонхолзохвий гээд идээнийг хайлаа

Өнө мөнхийн тэр идээ нь номын чанарын самади буюу

Ангаж цангахаас эмээгээд нэгэн ундаа оллоо

Аль хэмээвээс зөв дурьдахуйн рашааны дарс буюу

Уйдахвий гээд туст нэгэн нөхрийг оллоо

Угтаа аль хэмээвээс хоосон чанарын амгалан буюу

Түүний хүчинд алмайран төөрөхөөс айхаа болилоо би

Аяны уртад төөрөхвий гээд нэгэн замыг эрлээ

Асар өргөн тэр зам нь хослон орох мөр буюу /х 365/

 Дагинасын айлдвар:

Номын чанарын хоосон угаас төрдөггүй

Иймээс номын чанар хоосон

Энгүй хоосон чанар нь өөрөө төрөх ба устах нь үгүй

Тиймд төрөх ба устах нь хоосон чанар

Эдгээр гүн нарийн хоосон чанарын утгыг

Эргэлзээ үгүй сайн ухагтун /х 254/.

Тэнгэр огторгуй мэт номын бие нь угтаа хоосон

Тэгш сац хамаг амьтан дор түгээмэл оршмой

Хяслантай нь тэргүүлшгүй цагаас энэ ёсыг эс ухсанаар

Хязгааргүй орчлонгийн далайд эцэс төгсгөлгүй төөрөлднөм

Номын мөн чанарыг чин бат болгон ойлговоос

Нүд, чих, хамар, хэл 6 чуулганд

Автаж баримтлахуйн бэлгэс аяндаа арилаад

Ашид 3 бие лугаа эс хагацан учралдвай

Атгаг сэжиг арилсны гүн зориг чухам тэр буюу

Ямагт номын мөн чанарыг чин бат ухсан сэтгэлд

Яахин тэс өөр 2 бэлгэс нэгэн зэрэг төрөх вэ? /х 373/

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(2 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ