ӨӨРИЙГЭЭ ОЛОХУЙ


ӨӨРИЙГЭЭ ОЛОХУЙ

Zen Master Seung Sahn on Jan. 1, 1976 Zen is Understanding Yourself www.Zen : Энд нэг ярилцлага тавьжээ.

 Оюутан: Зэн гэж юу вэ?

Багш: Зэнгийн саваагаа толгой дээрээ бариад “ойлгов уу”? /савааг толгойн оройд барьсан нь Зэн бол оюун ухаанаас алдуурах, өөрөөсөө хэтийдэх гэсэн үг болохыг тохиолжээ/.

Оюутан: Үгүй.

Багш: Таны "үгүй" гэсэн сэтгэл л бүх бодлыг тань таслан зогсоолоо. Энэ бол таны бодис. Энэ савааны бодис ба таны өөрийн бодис нэг ижил юм. Та бол энэ саваа, энэ саваа бол та /тайлбар: эргэлзээ бодолгүй шууд “мэдэхгүй” гэсэн нь оюутны бодох үйлийг зогсоосон Зэн болжээ. Энэ саваа, та 2 хоёул хоосон чанартай тул эв ижил, тэнцүү юм гэж хэлж байна/.

Багш Зэнгийн саваагаараа ширээ цохисноо “сонсов уу”, энэ саваа, энэ чимээ, таны бодол энэ бүхэн нэг байна уу, өөр өөр байна уу?

Оюутан: цөм ижил байна.

Багш: Ижил гэж байгаа бол таныг би 30 саваадна. Ялгаатай гэсэн ч 30 саваадна. Яагаад гээч гээд хашгирснаа “хавар болоход өвс ногоо өөрөө ургана” гэжээ.

Энэ бүх дуу чимээг ижил гэсэн ч, ялгаатай гэсэн ч энэ нь бодол оролцсон дүгнэлт хийсэн учир зодуулна гэсэн үг юм. Зүй нь энэ бүх чимээг байгаагаар нь дүгнэлтгүй хүлээж авах нь Зэн. Хавар болоход өвс ногоо өөрөө ургана гэдэг нь Зэн. Энэ дэлхий дээр бүх юм болдгоороо л болно. Таны оролцоо илүүц гэсэн үг.

Энэ ярилцлага нь хүн бээр өөрийгээ ойлгох тухайд юм байна. Энэ бол нэг том алхам юм. Дараагийн алхам нь өөрийгээ олох.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: "Нэгэнтээ айлдахдаа ертөнцийг шүүмжилж, хүмүүсийг засах гэж оролдсоор бүр залхаж ядарсныхаа эцэст миний засаж залруулах хүн нь би өөрөө юм байна гэдгийг ухаарсан" хэмээжээ. Хүний юуг нь засаж өөрчлөх хэрэг вэ? Бид чинь агуу тархинаас эхлээд бүх юм маань бүрэн бүтэн, тахир дутуу хүн гэвэл цөөхөн хэд л бий байх?

Зэнгийн Их Багш Доген айлджээ: "Будда дотоодод чинь бий. Буддатай учрах амар биш ээ. Хүн бүр л энийг ч, тэрийг ч хүсч, ангаж цангаж явдагтаа л хүрэх юмнаасаа хоцордгийм. Тэгээд замаа олохгүйгээс болж бухимдаж мунхагладаг. Ингэж сохорцгоосон учир хүмүүн бид Буддаг олж үзэж чаддаггүй юм. Ийм л учраас бид энд сууж байна. Дотооддоо Буддатай нүүр тулах хүртлээ суух болно".

Хатагтай Чин Хайн ойлгосон юм энэ ажээ. Нэгэнт ойлгосон болохоор өөрийгээ засаж, өөрөөсөө хэтийдэж, Төгс Гэгээрсэн Их Багш болтол өөрийгээ хөгжүүлжээ.

Чухам юуг засаж өөрчилсөн хэрэг вэ?

Харанхуй мунхагийн төөрөгдлийг гэтлэн давж өөрийгээ засаж сайжруулжээ. Үүний тулд Тэрээр эцэг эх, хань ижил, эх орон, амьдралаа бүхэлд нь огоорон золиосолж, Гимлайн ууланд Их Багшийгаа олж 3 сарын дотор төгс гэгээрсэн бөгөөд Гимлайд нийт 3 жил шахам даяанчилж бясалгажээ.

Үе үеийн агуу хүмүүс өөрийгээ олохын тулд зуун зуун дамжсан энэ эрэлд гарчээ.

Сиддхарта буюу хожмын Бурхан Багш нэг л өдөр эзэнт гүрнээ, түүний мэдэлд сонгууль энэ тэр будлиангүйгээр өөрөө аяндаа ороод ирэх хаан ширээгээ, хаан эцэг, хатан, хүүхэд цөмийг нь орхиод 7 жил амьдралын халширмаар бүгдийг туулан бэдэрчээ. Мэдээж тэр үедээ хүн бүхний л амны бай болж таараа. Мунхаг хүн бишгүй бий, тэр тэрийг хараач, арай ч овоохойгоо орхихдоо хүрээгүй байна шүү дээ. Ээ дээ, хаан хүү Сиддхарта шиг мулгууг үзэх нь бүүхэл сонсоогүй юм байна гэцгээсэн хэрэг.

Хожим Бурхан Багшийн суудлыг залгамжилсан Маха Гашиб улсынхаа хаанаас ч баян барахманы хүү бөгөөд баян чинээлэг амьдралаа гаргуунд гаргаж олон арван жил хүүрийн газраар орон хийж, гуйлгын идээгээр хоногт ганц удаа олдсоноор нь хооллож, тэнгэрийн дор задгай бясалгажээ. Тэрээр улсынхаа хамгийн гоо бүсгүйтэй гэрлэсэн ч хоёул дэр нийлүүлсэнгүй, эхний шөнөө л хоёр биеэ харж сууснаа Маха Гашиб эхнэр гэгдэх хүнийхээ санаа бодлыг асуухад Магадха бүсгүй: “Би таван зовлон (там, бирд, амьтан, асури, хүн)-гоос мултармаар байна. Бурханы замналаар явъя гэж хүсч байтал ингээд богтлуулчихлаа” гэхэд нь хоёул үгсэн тохирч, авгай нөхрийн дүрд тоглох мөртөө сахилаа хатуу сахисаар Маха Гашибын эцэг эхийг өөд болоход хамаг эд хөрөнгөө тоолгүй хаячхаад Бурхан Багшид шавь орж хоёул гэгээрчээ. Маха Гашиб ийнхүү хамгийн баян айлын үе залгамжлагч, хамгийн сайхан эмэгтэйн нөхөр гэдгээ огоорч, Магадха ч зүгээр сууж байхад нь өөрөө гүйгээд орж ирсэн тэр их эд баялаг, мөн сурвалжит эр нөхрийг огоорон байж Бурханы хутгийг олцгоожээ.

Маха Гашиб шарилын газар явж байгаад насан эцэслэж буй нэгэн эмгэн дээр очиход эмгэн “Над шиг үгээгүй ядуу хүн гэж энэ хорвоод хаанаас байв гэж. Та намайг энэ тарчиг зовлонгоос аврахаар ирэв үү” гэхэд тэр бээр: “Ядууст өглөг өгөхсөн гэдэг хүн бол ядуу хүн биш. Ичих эмээхийг мэддэг нэгэн  бол Буддагийн залгамжлагч. Танд ертөнц дээрх энэхүү хоёр хосгүй ховор эрдэнэ заяасан болохоор та ядуу нэгэн биш ээ. Харин юмтай мөртлөө өглөг өгдөггүй, ичгүүр сонжуургүй тэр хүмүүс л орчлонгийн ядуус юм. Өв хөрөнгө нь хүнийг энэ насанд нь аятайхан явуулж буй мэт боловч алс хойчдоо тэд ядуугаас ядуу явцгаах болно” хэмээн айлджээ.

Шантидэва хаан ширээнд суухынхаа урьд шөнө нь оргож Наланда хийдэд очоод суучхаж. Идэх, бие засах, унтах гурван үйлтэн гэж хийд даяар нэрийдсэн тэрээр ном тайлах ээлжиндээ “Би өөрийн номлолоос ярих уу, бусдынхыг ярих уу” гэхэд нь гурван үйлтнээс өөрийн ном гарна гэж хэн санах билээ дээ. Тэрээр гэгээрлийн сургаалыг өөрийнхээрээ шүлэглэн айлдаад суудлаасаа хөөрч хоосон чанарыг үзүүлчхээд, хийдийн хамбын суудал амласныг ч тоолгүй хээр гарч даяанчлан сууж насыг элээжээ.

Мил Богдын агуйгаас хооол хүнс хайгаад халгайнаас өөр юу ч олоогүй анчдын нэг нь "адгийн гуйлгачин ч чам шиг амьдардаггүй байх" гэж басахад нь тэрээр “Амьдралаас сэтгэл ангижран аглаг буйдад бясалгал хийж ашдын зорилгоо биелүүлж яваа ховорхон аз заяатай хүн би. Гадна талын хоол хүнс, хувцас, нэр төрийг гаргуунд гаргаж, дотор сэтгэлийнхээ л хортон дайсанг амьд ахуйдаа ялан дийлэх тул энэ Замба тивд над шиг эр зоригтон, эрүүл ухаантан олдох болов уу” гэжээ. Тэрээр 9 жил халгайгаар хооллож ундлан, хувцасны тамтаг нь дуусахад төвдийн агуй дамжин нүцгэн бясалгасан хосгүй нэгэн билээ. Жана Гүн, Мил Богд нар 9 жил, Могжогва 12 жил зөвхөн халгайн зутангаар хоолложээ.

Япон бүсгүй Чиёно олон сүмийн хаалга татаж царайчилсан ч шавилах газар олсонгүй. Учир нь сүм хийдийг бусниулчхаж мэдэхээр тийм үзэсгэлэн гоо эмэгтэй тул авах газар байсангүй. Бүсгүй өөрийн гоо нүүр царайг зэрэмдэглэснээр шавилах эрхтэй болж, тийн гэгээрчээ.

Энэ их золиос, огоорол. Бүх л гэгээрэгсдийн замнал ажээ. Тэд нэг л юмны эрэлд гарчээ: “өөрийгээ олох”. Бүгд л олжээ: “Гэгээрэл”. Цөм л Бурхан болж бүтэцгээжээ. Бурхан гэдэг нь хүмүүний хөжлийн хамгийн дээд өндөрлөг, ухамсрын хамгийн дээд төвшин.

Бурханыг таних нь хүмүүний амьдралын ганц зорилго хэмээсэн Их Багш Чин Хайн айлдвар байна. Өөр зорилго үгүй ажээ.

Нэг эр Гүрү багшид бараалхангаа түүний болон Бурхан Багшийн огоорлыг ихэд бишрэн байв гэнэ. Гүрү түүнд: “Бурхан Багшид огоорч шальсан юм үгүй ээ. Тэр өөрийнхөө л замаар явсан. Харин Бурханыг огоорсон та л хамгийн мундаг огоорогч юм” гэжээ.

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ