ОЧИРХАЙРХАН УУЛ


ОЧИРХАЙРХАН УУЛ

            Миний элэнц хуланцыг элээж, намайг үр удамтай нь түшиж яваа аугаа их уул минь ! Нутгийн минь оройн дээд шүтээн - сүр сүлд минь!

Нутгийнхаа уулс шиг нуруутай дүнсгэр буурлууд маань таныг тойрч нүүдэллэн буянаа дэлгэж, гал голомтоо үеийн үед бадраасан.

Хүн ер нь уулаа дуурайж төрж өсдөг байх. Мөнх цаст хүнхэр дух нь нас ахих тусам сэтгэл цалиглуулж, нүдний нулимс мэлмэрүүлэн санаанд ургаж ирэх Хан Бүргэдэйн уулаа түшиж өөрийгөө алсаас даатган байж хүний, өөрийн газар хичнээн ч жилийг суув даа. Өөрийн гэх өмчилсөн юмтай хүн үнэхээр сайхан юмаа. Оргил цагаан түнтгэр хөх уулаа минийх гэж сүслэн залбирч явахад сэтгэл юутай өег.          Очирхайрханаа би бээр ухааныхаа сиймхийд урьж уулзаж явсаар нэг мэдэхнээ их уулаа дуурайсан шиг зулайнаасаа бууралтаж эхэлсэн байх юм. Цагийг бид хоёр адилхан элээж явна даа гэж бодохуй их уулаа тойрч элээсэн багын элгэн халуун амьдрал, хүн мал ижилхэн жаргасан нутаг, сүр буянтай буурлуудын тухай дуртгал уулын бүлээн салхи мэт сэтгэл эзэмдэн ирэх нь баяр, гуниг хоёуланг тээх бөлгөө. Их уулаа түшиж төрж, түшиж жаргасан буурлууд минь өм цөм дундарсаар уулс нурсан мэт сураггүй болж, сэтгэлийн дотор том том цүнхээл үлдээж явсан байх юм.

            Миний мэдэх нь өвөг эцэг Санж, хөгшин ээж Аюушжав, бөө гэгдэх олонд тустай эрдэмт хүн Дүгэржав, алдарт дуучин Лхүндэв, за тэгээд Аюурзана, Эрдэнэхүү, Бадамжав (даадиа), Дамдинпүрэв, Рданаасүмбэрэл, Давгийбазар, Бүжин, Дагийсүрэнгүүд, Магсар, Пүрэвүүд, Санжжав, Даржаа, Дашпэлүүд, Гончигууд, Цэрэнпэл, Амгаабазар (адиа), Дагдан, Дэлэг, Гомбожав, Гомбо, Санжжав, Жигжжав, Норовваанжил, Содномбалжир гээд тулхтай өтгөс гэр дүүрч, жалга дүүрч байдагсан.

            Очирхайрхан шигээ ийм их уулыг энэ л өтгөс шиг сүр хүчээр түшдэг юм байхаа даа. Өдөр өдрөөр наашилж буй өтгөсийн халааг авах минь ойртох тусам би өөрийгөө голж, өөрөөсөө ичих юм.

            Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны хөлгүй асгарсан нүүдлийн зангилаа Хан Бүргэдэй уулынхаа хормойг хүн, мал хамт ноолон энэрэнгүй их Хайрханыхаа нөмөр нөөлөгт хүн болно гэдэг ерөөс заяа тавилангийн эрхэм хишиг, хувь хүртээл гэлтэй.

            Монголчуудын их шүтээн Богд Очирваань буюу Отгонтэнгэр хайрхан, Тэрх нутгийн гайхамшиг тэлмэн Цагаан нуурыг зуучилж тэхий дунд нь Хан Бүргэдэйн цаст цагаан оргил сүндэрлэнэ.

            Сурагч ахуйд сум суурин газраас суудал хөндийлэн унасан газар тийш салхи зүсэн тэмцэхүй төдөлгүй мянганы газраас дүнхийн цайх Очирхайрханыхаа барааг олж үзэхүй хүн болсны баяр ч юм шиг, хүүхэд гэхийн аргагүй хөөрцөглөн улам ч хурдалмаар адган, унаа морины жолоог талбиухан тавьж, исгэрэн дуулж цээж уужлан нутгийн агаар шуналтайяа залгилдагсан. Хан уул минь бүр хүүхэд цагаас юутай их мөрөөсөл, юутай их өмөг түшиг байж вэ. Тиймдээ ч хүүхэд бид юмтай хүн шиг сэтгэлээр баян, мөрөөдлөөр дүүрэн өссөн байх. Сар мэлтэрсэн зуны үдшээр адуугаа дэжигнэтэл хөөж, дуугаар хань татаж явахдаа Халзан Бүргэдэйнхээ хормойг түшүүт айдас бүрэн арилж морины хурд огшоон юунд ч дийлдэшгүй мэт хавтай болоод явчихдагсан.

            Отгонтэнгэр хайрхан Тэрх Цагаан нуурын хоорондох энэ гайхамшигт нутагт элдэв муу явдал, гачлан зовлон, өлсгөлөн, түүгээр барахгүй айлгах муу амьтан, хорхой шавьж ч байх ёсгүй гэлцэх нь учиртай.

            Миний нутгийнхнаас амин зуулга алдаж туйлгүй ядарч доройтсон нь үгүй. Элдэв жигшүүртэйг үйлдэж  эцэг эх, нутаг усны нэр хөөдсөн нь үгүй. Настан намбаа барж буруу өтөлсөн нь үгүй. Их Хайрханыхаа ивээл харамжинд багтсаных аа. Бүх жалга нь харзалж өвөлждөг энэ нутгаас гуурстай хурдан хүлэг ч төрсөн. Домогт Гэсэр ламтаныг, хамба гэгээн, ялгасан гэгээнтнийг, хамба лам Дагвабалжир, Сэнгэ гэгээнтэн, төрийн өндөр хишигт хүнийг  (Р.Гончигдорж) ч энэ нутаг ус төрүүлсэн. Халхын их хуульч Ламжав гүн, Буур хэмээн түмэнд өргөмжлөгдсөн их бөх Жамъян гуай энэ нутгийнх.

            Цас ноён оргилдоо танхил бяцхан нуур өлгийдэж нууцалсан тийм ер бусын гайхамшигт сүрлэг уул орчлонд биднийх л байх аа.

            Гурван мянга гурван зуун долоон метр өргөгдсөн их уулын хөмсөг дор гурван мянга дөчин метрт гурван зуун ам дөрвөлжин метр талбай эзлэн нүдний цэцгий мэт мэлтийх ариун уст нуур бүхий туйлын үзэсгэлэн энд бүрэлдсэн байх бөлгөө.           Оргилын нуураас хэдэн алхмын газарт тахилгын овоо байх ба Очирхайрханыг жил бүрийн зуны эхэн сарын шинийн найманд тахиж зөвхөн эрчүүдийг оролцуулдаг байж. Тэгээд овооны наадмыг Бөөргийн Баруун, Зүүн эхний бэлчээрийн овоон дээр хийж, Шар жалгад морь уралдуулна. Бусад цагт Халзан Бүргэдэйн онголж тахьсан оргил өөд зүглэх нь үгүй. Адиа хэмээх Пүрэв авгайнхаа биеийг болгоохоор явж хүрэхэд нь Хайрхан таалсангүй, тэр даруй догширч дүрээ хувилган сүрээ үзүүлж, хуй салхи эрчлээн дуу цахилгаантай догшин аадар асгаж, адиа арай л нууранд хальчхалгүй асганы нөмөрт хоргодмор болж амь гарсан юм гэнэлээ.

            Дүрсээ татуулахгүй гэж үүл нь бүрхчихдэг, дүрээ хувилгаж ямраар л бол байж чаддаг увдистай догшин савдаг хирнээ налайж намбайж, хавь ойроо жаргааж цэнгээж байдаг “эцэг уул” билээ. Ерөөс Очирхайрханы ойр хавьд ган гачиг, зуд турхан тохиох гэж үгүй ээ. Ийм хосгүй нутаг гэж ховорхон. Тийм болоод ойр хавийн залгаа нутгийнхан Хойт Тэрхийн байгалийн авралд багтаж ирсэн билээ. Тэд тарвагыг нь ч энэ нутагт ирж авлана. Бэр буулгах, хүргэн орох нь олонтаа. Тэгээд сүүлдээ Цагаан гуай Завханы Чадраа заантай ах дүү бололцсон ч гэх шиг дуулдана. Хүний өөрийнгүй татагдаж хөлхсөн энэ хосгүй цөлх сайхан хангайн оргил сарьдаг Халзан Бүргэдэйн ууланд хүн хүний сэтгэл бишрэл учирч ижилсэн хурна. Айл айлын саамын шинэхэн цацал, цайны уур савссан дээжийг Очирхайрхан хүртэнэ. Амилсан Хайрхантайгаа нутгийн хэн боловч сэтгэлийн үгээ аминчлан ярьж дотроо уужилна. Ингэж чин зоригийг барин сүслэн байх нь монгол хүний уужуу хол ухаан, нигүүлсэнгүй сэтгэлийн агуу их тэнхээ, байгальтайгаа нөхцөж нэгэн махбодид хувилсан яруу сод увдист чанар болой.

            Байгал дэлхийгээ ингэтэл онголж шүтсэн, өөрийгөө хэврэг бөгөөд хуурамч, харин газар шороогоо мөнх бөгөөд ариун гэж ухаарч, түүнээ амьдралд хууль мэт хатуу, андгай мэт үнэнч авч яваа ард түмнийг хосгүй буюу оройн дээд хүн төрөлхтөн гэлгүй яах вэ. Миний өвөг дээдэс, нутгийн минь гүндүүгүй гүдэсхэн өтгөс тийм хүмүүс байсан. Аав минь хүүхдүүдээ бүр багаас нь нутгийн өтгөст сөгдүүлж, амрыг нь асуулган тэдэнд санаа тавиулж сургасны ачаар буянтай буурлуудаа бид шүтээн шиг дээдэлж иржээ. Тиймдээ ч тэднийг бурханы оронд буцахад нь орчлон хоосорсон шиг уйтан болж харуусах нь өөрийн төрснөөс өөрцгүй. Ийм энгийн элгэн халуун заяаг нутаг минь, уул минь өгсөн.

            Буянтай буурлуудаа буцахын хирээр ядаж л хүчит бөх, хурдан хүлгийнхээ цолыг дуудчих хүн хүртэл цөөрсөөр, эрдэмт ухаан айлдаж суух нэгэн үгүйлэгдэх бүр, арагшаа налж авдар бүтэн халхалж, архинд халамцтлаа наанадаж найр өндөрлөх дөхүүлдэг намба нь бууран буурсаар яс нь чанартайгаа хэврэгших бүр гол харлан битүү түгшүүр заримдаа айдас мэт нөмрөн ирэх бөлгөө. Намайг тэгээд тэдний суудалд нэг цагт зална шүү дээ гэхээс сэтгэлд ер бууж өгөх биш.

            Бэгз, Чойс, Санжаа, Жигмээ, Гончиг гуай гээд нутгийн алдарт уяачид хүлгийн шандсыг харуут таньдаг, уяа сойлгыг нь цээжээрээ тааруулдаг эрдэмтэй хүмүүс байсан. Чойсын хул, Бэгзийн зээрд, Цагааны бор, Шагдарын хүрэн, Дарамбазарын бор, Галбадрахын хээр, Сэрээтэрийн хүрэн, Жигмээгийн зээрдүүд, “Монгоо” хэмээх алдарт зээрд, Шагдарын бор, Дагдангийн бор, Вандайн Доонин, Сандагжавын үзмэн, Шархувын халтар, Шагдарын бор хээр гээд алдарт хурдан хүлэг алийг тэр гэхэв. Цагаан гуайн морь нь унуулж яваад л уяа орчихдог байсан гэлцэнэ. Гунгаагийн халтар гэж үнэн хурдтай гуурст хүлэг, айвуу тайвуу алдан хурдлахдаа гүйцэгдэнэ гэж зүүдлэх ч үгүй. Цахир сумын наадмыг авч, 2 өртөө газар хөтлүүлж ирээд Тариатын наадамд ажигч үгүй тасархай ирдэгсэн.

            Андаан, Домбожав, Норов, Луузан гээд цуутай их гөрөөч нар бишгүй л байлаа. Луузан гуай ан авд явгалан гүйхдээ бөртийх чулуу ч байраас нь хөдөлгөдөггүй, тэгээд суун тусуут буу нь тасхийдаг, харин хараалж тухлаад буудахдаа алдчихдаг сонин хүн, ер нь их гарын анчин байсан гэж аав хуучилдагсан. Цахиур бууг хэд цэнэглээд буудчихна гэдэг амар хийдэг ажил биш байж. Цахиур бууны дуунд Саван Хад хан ян гэж байдагсан. Утаа уугисан энэ буу манай нутгийнхныг их ч хооллосон. Тэр үеийнхэн ажиллаж ч, бас жаргаж ч чаддаг байж. Шимийн тагш юмаар ч, шөлний ганц эргээр ч хомс явсангүй. Тоглоомыг бараг мэрэгжил шиг эзэмшиж, өнжин хонон, өөр хоорондоо явалдан, шунаж, бүр сэтгэл, зүтгэл гарган наадаж явж. Жүүжээ хэмээх Жигцрэн тоглоомын их мастер, том зиндааны шатарчин байлаа. Хоох, Санжаа, Гэвээ, Дэчинбумба, Жигцрэн Раднаасүмбэрэл гуай гээд шаа хорихын эцэсгүй том шатарчид ёстой л өрөөстэй хөлгийнхөө ард нутгийнхаа уулс шиг дүнхийж байдагсан.

            Идээ цагаа сайтай, арвин гартай, эвий ахай гэж уулгалсан эмгэд хөгшид маань уур нүдүүр шигээ мөлийж элэгдсээр нэг л мэдэхнээ хумхийн тоос шиг хулжиж одсон байх юм. Миний хөхөө ижийн дүү, бидний <<ах>> хэмээн авгайлдаг Лхамсүрэн эгчийн гараас амталсан анхны <<Алтан түлхүүр>> гээч орос чихэр, манайхыг хаваржаалах үеэр Хүрэмтийн доод өвөлжөөнд бууж мордоход Дашпэл гуайн өгсөн гадаад жигнэмэг хүний ухаан орсон цагт амтыг нь авсан анхны тансаг идээ байсандаа ч тэрүү, хөгшид маань бага балчир гэлгүй тоож, урам хайрлаж явсных ч юм уу одоо хир нь бодогдож, амтагдаж байх юм.

            Нутгийн буурлуудаас Аюурзана гуайн ээж, бас Эрдэнэхүү гуайн ээж Бумаа гуай, Домбожав гуай нар дор бүрнээ нэг зуун сүүдэр зооглож буян нь дэлгэрчээ. Эдүгээ зуун нас, зургаадай таягаа тулж явуу Ядамсүрэн гуайг залган Бүдээ, Доонинхүү, Сүрэнхорол, Цэвэлмаа, Дагийсүрэн, Жигцрэн, Буянбадрах, Равсал, Бадамсүрэн, Сампилдэндэв, Сампилноров, Ханд, Хожин хэмээх Лхамсүрэн, Намжаа, Даваацэрэн, Равдан-Очир, Гочоо, Дэнсмаа, Жигмэдравдан, Шагдар, Санжсүрэн, Буянхишиг, Төрбат, Жамбал, Галсан, Цэзмаа, Балжинням гээд олон буянтан үр хүүхэд бидэндээ өмөг түшиг болон хамт жаргаж явна.

            Тэд маань нутаг усаа чимж, нутагтаа сүр нэмж явна гэдэг хойч үе бидний л амны хишиг биз ээ.

            Одон Данаа буюу Дангаасүрэн гэж улсын баатрын зэрэгт хүрсэн эрэлхэг гавъяатан бидний дунд байлаа. Буяа ах (Буянхишиг), Гаагаа хэмээх Жигмэдравдан, Сампилноров хүргэн ах, Санжсүрэн гуай гээд олон хүн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болжээ. Эх орныхоо төлөө буу барьж дайсны өөдөөс хөл тавиагүй хүн тэдний дотор үгүй. Одон Данаа, одон Жүгдэр, Жигцрэн, Жигмэдравдан гуай дөрөв Халхын голын тулаанаас Байлдааны гавьяаны улаан тугийн одонтой эргэж ирцгээсэн алдар гавьяатнууд бөлгөө.

            Лам, сүм дуусахаас эхлээд манай нутгийг доргиосон эсэргүүний жилүүдийг биеэрээ туулж, насаараа шүтсэн малаасаа хагацан голоо тогоотойгоо харлуулж үзсэн өтгөс минь ахиад л бас нэг үймж түйвсэн цагийн босгыг алхахдаа хэддэх төртэйгээ ч нүүр учирч яваа юм бэ дээ. Одоо тэд цагийн дэнсийг төрөлхийн уужим цөлх ухаанаараа болгоож, бидний төлөө сэтгэлийн хямралтай яваа.

            Очирхайрханаа тойрч ноолон Хавтгай бууц, Бужгийн нүүр, Сэнж хад, Хөх хамар, Хангинахын амаар хаваржиж, намаржиж, зусч хүн мал захгүй налайн “Сарьдаг өндөр>”-ийг дуулан жаргаж явсан цаг одоо ондоо болжээ.

“Хулгар“-ыг хоолны чигжээ болгон, айл айлын хатавчин дахь том цагаан царыг орсон гарсан хэн хүнгүй өөрийн гэрт юм шиг санаандгүй татаж тухлан, дотоод хормойгоо тосоор мялааж явсан элбэг дэлбэг цаг дээр өндөрлөж, мах нь эрдэнэ, арьс нь алт болтол бас ч их цагийг ардаа хийжээ.

 Тэрхийн гол маань жалга, жалгын усыг цуглуулан сайхь Цагаан нуур уруу эрчлэн тэмүүлж, араас нь бид газрын нам, хот хүрээ рүү уулгалан тэмүүлж, нэг л мэдэхнээ ард эзгүйрсэн байх юм. Жалгадаа багтахгүй байсан мал, шахцалдаж байсан гэрүүд, бэлчээрийн төлөө л нударга зөрүүлж явсан эрс цөм дурсамж үлдээн улирчээ.

Хар цай ууж, ногоо, загасаар зооглохыг “муугаа үзэх“ гэж адлаж нэрлэн түүнээс өрсөж амьдарсан өтгөс маань нээрээ ч бардамхан явсан юм уу даа.

Нутгийнхаа уул, өтгөсийнхээ тухай цухас энэ дурсамжаараа би жалгын үзэлд хөтлөгдсөнгүй ээ. Унасан газар, угаасан усныхаа тухай халуун мэдрэмжээр цусаа сэлбэн, хадных нь цуурай, усных нь боргиог чихэндээ хадаан, уулынх нь цэцэгний үнэрийг ханхийлгэн байж сэтгэл зүрхэндээ чадан ядан урлалаа. Өтгөсийнхээ сэтгэлийн булингаргүй, худал хуурмагийг огоорсон эрс шулуун дүр төрхийг нэгэнтээ буулган харж, бурханы орноос заримыг нь залж ирүүлж хамт суугаад буцаалаа. Миний Та нартаа зориулан бүтээх өчүүхэн буян энэ бөлгөө.

            Нутгийн минь ноён сарьдаг Халзан Бүргэдэй уул минь сэтгэлд дүнхийж байна. Сэтгэлийн хирийг ариусган их номын суудалдаа заларч байна. Ийм их уул, усны эзэн болж төрнө гэдэг үлэмжхэн заяа юм даа.

 (1991 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот)



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ