БИЛГҮҮН УХААНЫ ТОЛЬ


БИЛГҮҮН УХААНЫ ТОЛЬ

 

Оршил

Улс орныг удирдахаас эхлээд хүмүүн бээр аж амьдралаа авч явах хүртэлх дэлхийд нэгэнт бий болсон арга барил нь бүхэлдээ асуудлыг харж байгаа хэмжээндээ тархи гашилган зохицуулах гэсэн дан ганц механик шийдэлд тулгуурлаж, үнэн хэрэгтээ оюун санааны буюу ухамсрын арга барил бүх шатанд байхгүй байна.

 

Ардчилал, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, жагсаал цуглаан, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, ер юуг ч тунхаглалаа гээд эдгээр нь цөм механик зохицуулалтын арга хэрэгсэл учраас нийгмийн, түүний дотор ард нийтийн эрх ашгийн аливаа асуудлыг шийдэж чадахгүй өдий хүрчээ.

 

21-р зууны дэлхийд тогтвортой хөгжил гэж байхгүй байгаа учраас тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: 1. Ядуурлыг устгах 2. Өлсгөлөнг зогсоох 3. Эрүүл мэнд, зөв амьдрал 4. Чанартай боловсрол 5. Жендерийн эрх тэгш байдлыг хангах 6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах 7. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх 8. Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт 9. Инновац ба дэд бүтцийг хөгжүүлэх 10. Тэгш бус байдлыг бууруулах 11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих 12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих 13. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах 14. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах 15. Хуурай газрын экосистемийг хамгаалах 16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох 17 Хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх түншлэл.

 

Тогтвортой хөгжлийн 17 зорилт дэлхий дээр юу болчхоод байгааг бэлээхэн хэлээд өгч байна. Тухайлвал, ядуурал ба өлсгөлөн газар авч даамжирсан, боловсрол чанаргүй, ундны усаар гачигдсан, далай тэнгисийн нөөц шавхагдаж, хуурай газрын экосистемийн хямрал гамшгийн хэмжээнд хүрч, дэлхийн дулаарлыг зогсоох учраа олохоо больсон, дэлхий дээр энх тайван, шударга ёс бий болоогүй зэргийг маргаангүй тодорхойлсон байна.

 

Хариуцлагатай хэрэглээ гэсэн зорилтыг аваад үзье.

 

Хэрвээ дэлхийн хүн ам өнөөгийн америкийнх шиг хэрэглээтэй байсан бол энэ хэрэглээг хангахад бидэнд 2010 оны байдлаар 1,5 дэлхий хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ.

 

Хамгаалуулчхаад байгаа гэгдэх эрүүл мэндээ эргэж харъя.

 

Эрүүл мэнд үнэт зүйл мөн юм бол түүнийг төрийн бодлогоор зохицуулсаар, мөнгө зарсаар байхад яагаад жилд дэлхийгээрээ 735-745 тэрбум ам. долларын эмийн зүйл борлуулагч өвчтөн болчхов? Энэхүү үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлт 6-7%. Энэ нь дэлхийн хэмжээнд өвчний өсөлтийг илтгэж байна.

 

Боловсрол нийгмийн үнэт зүйл мөн юм бол энэхүү боловсролыг заалгасан хүн бүр яагаад ижил боловсорч, ижил түвшинд амьдарч чадахгүй байна вэ?

 

Ардчилсан нийгмийн үнэт зүйл үнэхээр мөн юм бол тунхаглаад байгаа тэрхүү эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс хаана оршин байна вэ?

 

Ямар бодлогоор удирдахаар дэлхийн болон монголын уур амьсгалын өөрчлөлт гамшгийн хэмжээнд хүрчхэв?

 

Баримт харцгаая. Дэлхийн хэмжээнд сүүлийн 34 жилд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж 70%, үүнээс нүүрсхүчлийн хий 80% нэмэгджээ.

 

Мянганы зааг үеийн экосистемийн төлөв байдлын талаар 95 орны 1360 эрдэмтний 2006 онд хамтарч гаргасан тайланд дурдсанаар өнөө үед биологийн олон янз байдал устах хурд эволюцийн түүхэн үйл явцаас 100-1000 дахин түргэн явцтай болжээ. Байдал хэвээр үргэлжлэх аваас усталт ойрын ирээдүйд өнөөгийнхөөс 10 дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо гаржээ. Зарим судлаачдын тооцоолсноор дэлхий дээр жилд 27000 зүйл буюу 20 минут тутамд 1 зүйл устаж байна.

 

Хүний түүхийн турш дэлхийг хамарсан өлсгөлөн, ядуурал, дүрвэгсэд зэрэг хүмүүнлэгийн тулгамдсан асуудлууд, дайн самуун, байгалийн баялагийн шавхан цөлмөлт, цөөн хүний гарт төвлөрсөн дэлхийн болон улс орнуудын санхүү, баялагийн нөөц, эдийн засгийн хямрал, дэлхийг сүйрүүлэх хэмжээнд хүрчхээд байгаа уур амьсгалын өөрчлөлт гэх мэт өнөөгийн дүр зураг нь дэлхийд болон бүх орнуудад нэг ижил хамаатай бөгөөд үүнийг хэдийн улиг болсон зах зээлийн болон олон намын тогтолцоо, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө энэ тэрхнээр шийдэх боломжгүй нь эдүгээ хүн бүрд илт болчхоод байна.

 

Өмч нь эзнээ ч боол болгодог учрыг таньж мэдээд өмчийн асуудлыг шийдэх гэсэн Маркс, Энгельс, Лениний онол номлол асуудалд тэс өөр өнцгөөс хандсан доривтой хэрэг мөн байлаа. Нийгмийн зовлон гэж байдаг бөгөөд түүний шалтгаан нь хувийн өмч болохыг бүр өнгөрсөн зуунд танин мэдсэн байна. Гэвч нийтийн өмчид ч, хувийн өмчид ч суурилсан нийгмийн аль аль нь гавьсангүй.

 

Учир юунд байна вэ? Асуудал хаана оршино вэ?

 

Төлөвлөгөөт болон зах зээлийн эдийн засаг, олон намын тогтолцоо, олон ургалч үзэл, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, жендер, өмчийн тогтолцоо, аль нь ч ерөндөг төдий механик арга хэрэгсэл юм. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгал, социализм, капитализм, төлөвлөж удирдах эдийн засаг, зах зээлээр удирдуулах эдийн засаг, юу эсийг дуурайв даа, хийв дээ. Цөм л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох, сахил аваад шал дордох, муу дээрээ муухай, муухай дээрээ улцан болдгийн үлгэрийг давтав.

 

Парисын коммун, социалист хувьсгал, хөрөнгөтний хувьсгал, ардчилсан хувьсгал цөм ерөндөг. Ерөндөг гэдэг нь асуудлыг аргацаах, намжаах төдий зүйл, гал унтраах арга. Чанарын хувирал энд явагдахгүй. Овог нэрээ солилоо гээд хүн өөрчлөгдөх үү? Үүнтэй л ижил хаяг шошго сольж буй аргацаасан зүйл. Харин хүний сүнсийг сольж шилжүүлэн суулгавал уг хүн нөгөө хүнийхээ дадал зуршлаас эхлээд бүх юмыг нь өвлөх юм. Ийм туршилтыг тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэн Хромов 13 сүнсэнд туршсан билээ. Нийгмийг чанарын нь хувьд бүрэн хувьсгах Хромовынх шиг өөрчлөлт хэрэгтэй.

 

Асуудал зөвхөн хүнийг хэрхэн авч үзэх үзэлд л байгаа учраас аль ч нийгэмд одоогоор ашиг тус гэж алга байна. Цаашид ч горьдох хэрэггүй.

 

Өнөөгийн нийгмийн тогтолцоо нь зөвхөн хүний физик биед түшиглэсэн учраас амьгүй, гаднаас нь харж тоочих, гал унтраахаас хэтрэхгүй, хувь хүний эго буюу би гэх үзлийг дөвийлгөхөөс хэтрэхгүй юм.

 

“Хүмүүс цаг үргэлж Би үзлээр сэтгэж, үйлдэж байдаг. “Би ингэсэн, Би тэгсэн... гэсээр бүх юм нь Би болсон болохоор түүнд ном тайлж чадах хүн үгүй, түүнд юу хийхийг нь заачих хүн үгүй болжээ. Би гээчээр уураг тархи нь дүүрчихсэн болохоор өөр шинэ юм орох зай өчүүхэн ч үгүй болж, өөрөө бүгдийг мэдэгч нэгэн болж хувирсан байна”.

 

Хүн төрөлхтний болон нийгмийн хөгжлийн бүтэлгүйтэл юунаас шалтгаалав?

 

Гэгээрсэн мэргэд бүтэлгүйтлийн шалтгааныг хэдэн мянганы өмнө тодорхойлжээ: “Хүмүүний зовлон өвчилсөн сэтгэлд л байна”.

 

Энэ бол хүнийг өнөөгийнх шиг 1/3 бус, харин бүрэн бүтэн байдлаар авч үзэж байсан үеийн томъёолол. Энэ тохиолд зөвхөн сэтгэл яригдаж байна. Хүн бүхний өвчилсөн сэтгэл өөрийг нь зовлонд унагаад зогсохгүй мэдээж нийгмийг өвчлүүлсэн байна. Бурхан Буддагийн үед л 84000 муу үзлээр бохирлогдон хордож өвчилсөн хүмүүний сэтгэл эдүгээ энэ тооноос хол давсан нь лавтай.

 

Оношлох нь сайн хэрэг, ядаж юу болсноо мэдээд авна. Эмчилж илааршуулах нь гайхалтай хэрэг, гэвч болж байгаа аятай хэнэггүй явсаар нийгмийн өвчин ужгирч одоо үхэх дээрээ тулсан ажээ.

 

Яагаад ийм дайрлага дайрч орхив оо?

 

Муу дээр муу, муухай дээрээ улцан гээч болжээ. Шинжлэх ухаан хүнээс ухамсар, энерги, сүнс буюу энергээр нөхцөлдсөн бүхнийг нь салгаж хаячхаад, махбод буюу физик биеийг хүн гэж ойлгоод дан ганц эс генитэй зууралдчихжээ. Хүн гэж нэрийдсэн физик бие нь хүмүүний ердөө 33-41 % юм байна. Хүний 2/3 нь алга болчихсон хэрэг. Хүмүүн бид олон зуун ингэж хагасарч гансран хүн нэрийдсээр яваа юмсанж.

Зургуудыг Лхагваагийн зээ хүү Ашидсүрэн ( 7 настай)



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ